January 28, 2026

Бүтээмжийг ажлын цагаар хэмждэг удирдлагын алдаа

Robotus

TUS Admin

Ажлын цаг 09:00–18:00 гэж заасан байдаг ч бодит байдал дээр ажил тасралтгүй үргэлжилдэг. Гэхдээ технологи, Viber, Messenger, Instagram зэрэг шуурхай харилцааны хэрэгсэл ажлын орчныг 24/7 болгон автоматжуулаад удаж байна.

Бидний өдөр тутмын ажилд нэг ийм дүр зураг хэвийн үзэгдэл мэт болжээ. Ажлын цаг дууссан, гэртээ амарч байна. Гэнэт утсанд “Ding!” гэсэн чимээ ирнэ. Viber, Messenger, WhatsApp-аар ирж буй ажлын групп чат дахь мессежүүд.

Эдгээр сувгаар ирж буй мессежүүдийн ихэнх нь үнэндээ яаралтай биш байдаг. Гэвч тэдгээр нь “ОДОО” гэсэн далд шаардлагыг өөртөө агуулж байдагт гол асуудал оршино. Хариу бичихгүй бол “харсан баймаар юм”, “яагаад дуугүй байна” гэх сэтгэлзүйн дарамт үүснэ. Ингэснээр ажилтан амарч чадахгүй, тархи нь байнгын “Standby” горимд ажиллана.

Амарч чадаагүй хүн өглөө нь бүтээмжтэй ажиллах боломжгүй. Харин маргааш өглөө нь удирдлага түүнээс өндөр бүтээмж, гүйцэтгэл, хариуцлага нэхдэг. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал биш, харин логикийн зөрчилтэй системийн асуудал юм.

Ажлын цаг бол хуулийн заалт биш, сэтгэлзүйн хил юм

Ажлын цаг гэдэг ойлголтыг бид зөвхөн Хөдөлмөрийн хуульд бичигдсэн заалт гэж хардаг. Гэтэл энэ нь хүний анхаарал, эрч хүч, сэтгэлзүйн тэнцвэрийг хамгаалах “ХИЛ” юм. Хил байхгүй бол амралт байхгүй. Амралт байхгүй бол бүтээмж байх боломжгүй.

Гэтэл олон байгууллагад “Чи ажлаа л сайн хий” гэсэн ерөнхий бөгөөд тодорхойгүй шаардлага энэ бүх хилийг үгүй хийдэг. Үүний үр дүнд ажилтан байнга хагас ажиллаж, хагас амарч амьдардаг. Ийм амьдралын хэв маяг удаан үргэлжлэхэд Burnout буюу ажлаас халшрах хам шинж үүсдэг.

Burnout гэнэт үүсдэг зүйл биш, удаан хугацаанд хуримтлагддаг. Хамгийн аюултай нь burnout-д орсон ажилтан заавал ажлаасаа гардаггүй. Зарим нь үлддэг. Гэхдээ санаачилгагүй, сонирхолгүй, зөвхөн заавар биелүүлэгч “робот” болж хувирдаг. Энэ бол байгууллагын хувьд хамгийн хортой хувилбар юм.

"Манайх стартап" гэдэг нь системгүй байх шалтаг биш

Ийм нөхцөл байдал үүсэхэд удирдлагууд ихэвчлэн нэг л тайлбарыг хэлдэг. “Манайх стартап”, “Манайх жижиг компани”, “Бүгд л ингэж ажиллаж байна” гэдэг.

Гэвч бодит байдал дээр байгууллага жижиг байх тусам СИСТЕМ илүү чухал байдаг. Хүн цөөхөн атлаа цагийн хилгүй ажиллавал ачаалал хэдхэн хүнд төвлөрч, тэр хүмүүсээ маш хурдан элээж эхэлдэг.

Мөн энд нэг чухал ойлголтын зөрүү бий. Зарим удирдлага бүтээмжийг ажилласан цагаар хэмждэг. Орой хариу бичдэг хүнийг “хичээнгүй”, амралтын өдөр ч холбогддог хүнийг “үнэнч” гэж ойлгодог. Энэ бол үр дүн ба цагийг хооронд нь андуурсан хуучин сэтгэлгээ юм.

Үр дүн гэдэг нь хэдэн цаг онлайн байснаар бус, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээр хэмжигдэнэ. Хэрэв ажилтан ажлын цагаа үр дүнтэй ашиглаж, зорилтоо биелүүлж байвал оройн мессеж шаардлагагүй. Харин сул системээ хүний цагийг сунгаж нөхөх гэж оролдох нь удирдлагын доголдол юм.

Чат буруугүй, соёл буруутай

Тэгэхээр энд Viber, Messenger, WhatsApp зэрэг шуурхай харилцааны хэрэгсэл буруутай биш. Асуудал нь түүнийг ямар үед, ямар зорилгоор, ямар дүрэмгүй хэрэглэж байгаад оршдог.

Шуурхай мэдээлэл дамжуулах, ослын нөхцөлд холбогдох, зайлшгүй өөрчлөлт мэдэгдэхэд чат тохиромжтой. Харин даалгавар өгөх, шийдвэр дамжуулах, хариуцлага нэхэх, баримт бичиг солилцохыг шөнийн цагаар, амралтын өдөр чат-аар хийх нь соёлын доголдол юм. Эдгээр ажлууд систем дээр хийгдэх ёстой.

Амарч чаддаг хүн л бүтээж чадна

Ажил ба амралтын цагийн хил тогтооно гэдэг сул дорой байдал биш. Харин удирдлагын төлөвшил, зоригийн илрэл юм. Зарим байгууллага үүнийг ухамсарлаж:

  • Ажлын бус цагаар мессеж бичихгүй байх,
  • Яаралтай нөхцөлийг тодорхой зааглах,
  • Албан ажлыг ажлын цагаар, зориулалтаар системээр (TUSS г.м) явуулах

зэрэг энгийн боловч үр дүнтэй зарчмыг нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд хүмүүс илүү төвлөрч, илүү хариуцлагатай, илүү бүтээмжтэй ажилладаг.

Эцэст нь хэлэхэд, байгууллагын соёл гэдэг хананд бичсэн уриа биш. Энэ нь орой 22:00 цагт удирдлага гар утсаа хэрхэн ашиглаж байгаагаар, ажилтнаа хэрхэн хүндэлж байгаагаар илэрдэг.

Ажлын цагийн хил бол ажилтны эрх төдий зүйл биш, байгууллагын урт хугацааны ашиг сонирхол юм. Шөнө мессеж бичиж, өглөө бүтээмж нэхдэг хэв маяг богино хугацаанд идэвхтэй мэт харагдавч урт хугацаандаа бизнесийг дотроос нь ядраадаг гэдгийг санаарай.

Илүү цаг, илүү ажлыг чатанд биш, СИСТЕМД даатгая.